I hear and I forget , I see and I remember , I do and I understand | |
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал"Их засаг" хэмээн алдаршсан Чингисийн хаант улсын хууль цаазын бүтэц, агуулгыг тогтон томъёолох асуудалд эрдэмтэд, судлаачид багагүй анхаарал тавьж иржээ. Учир нь "Их засаг" бол хаант улсад үйлчилж байсан болон шинээр тогтоосон цаазын заалтуудыг багтаасан бөгөөд "хуйлмал хуудас"-д дэвтэрлэн хадгалж, төрийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх үед уншин болгоож баримталдаг улсын хэмжээний хууль цаазын баримт бичиг байсан бөлгөө. "Их засаг" хэмээх төрийн нэгдмэл хууль цааз бүрэн эхээрээ бидний үед уламжлагдан үлдээгүйгээс үүдэн түүний бүтэц, агуулгыг тогтоон томъёолох нь Чингисийн хаант улсын хууль цааз судлалын нэг чухал зорилт болж, цөөн бус эрдэмтэд авъяас билгээ сорьж иржээ. "Их засаг"-ийн бүтцийг томъёолж агуулгыг нь тогтооход гурван үндсэн хандлага гарч ирснийг судалгааны дүн харуулж байна. Энэ нь : Нэгдүгээрт, Их засгийг нэгэн бүхэл хууль, түүнийг илэрхийлсэн хэсэг, бүлэг, зүйлийн хэлбэрт оруулан нэг тодорхой бүтэц, бүрэлдүүлэн авч үзснээр илэрч байна. Ийм хандлага гаргасан эрдэмтдэд юуны түрүүнд Хятадын Сайшаал, Америкийн Ж.Вернадский нарыг оруулж болно. Ж.Вернадский "Их засаг"-ийн бүтцийг олон улсын хууль, төрийн хууль, эрүүгийн хууль, хувийн өмч буюу хувийн эрхийн хууль, худалдааны хууль, шүүн атлах ажиллагаа,.хуулийг хянах, хэрэгжүүлэх гэсэн 7 хэсэгтэйгээр тогтоож, хэсэг тус бүрээ тодорхой зүйлд оруулахгүйгээр авч үзжээ. Чингэхдээ зарим хэсгийг нь жижиг жижиг бүлгүүдэд хуваан өгүүлсэн байна. Тухайлбал, "төрийн хууль" хэмээх хэсгийг хааны дээд эрх, үндэстэн, тусгай үүргийн журам, тустай эрх, цэргийн журам, ан авлах журам, дотоод захиргаа, захиргааны тушаалууд, санхүүгийн удирдлага, татвар гэсэн жижиг бүлгүүд! болгожээ. Мөн "Эрүүгийн хууль " гэсэн хэсгийг гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн төрөл хэмээн хоёр бүлэг болгосон ажгуу. Хэсэг бүлгийн агуулгыг авч үзэхдээ тоочих бус хэн гэдэг хүний ямар ямар бүтээлд юу гэж тэмдэглэгдсэнийг иш татан нотлох арга хэрэглэсэн онцлогтой. Ж.Вернадскийн бүтээлийг уншиж үзэхэд "Ийм л хууль байсан байж болох юм шүү" гэсэн төсөөлөл сэтгэлд бууж ирдэг билээ. "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тогтооход Ж.Вернадскийн томъёолон гаргасан бүтэц чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй бөлгөө. Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Сайшаал "Их засаг"-ийг "Ерөнхий хууль буюу Чингис хааны үндсэн хууль товчоон" хэмээн нэрлээд бүтцийг нь 4 хэсэгтэйгээр тогтоожээ. Хэсгүүдээ: хаан төрийн хууль, цэрэг дайны хууль, ард иргэдийн хууль, тусгай хууль хэмээн нэрлэсэн байна. Үүнээс тусгай хуулиа дотор нь олон улсын хэрилцааны хууль, аж ахуйн хууль, арилжаа худалдааны хууль, зам нэвтрэх ба өртөөний хууль, шашин суртлын хууль, ургийн хууль, эрүүгийн хууль гэсэн долоон бүлэгт ангилжээ. Зохиогч хэсэг, бүлгүүдийг зурвасаас /зүйл/ бүрдэхээр тогтоожээ. Сайшаалын томъёолон тогтоосон хуулийн бүтцийг авч үзэхэд "Их засаг"-ийн бүтцийн тухай нэгэн өвөрмөц төсөөлөл сэтгэлд бүрэлдэж ирдгийг тэмдэглэлтэй. Хоёрдугаарт, "Их засаг"-ийн бүтцийг тодорхойлон тогтоохдоо эрх зүйн тогтолцооны орчин үе ийн онолын үүднээс "Их засаг"-т хамаарах заалтуудыг эрх зүйн тодорхой салбарт хуваарилан оруулж авч үзсэн нь өөр нэг хандлага болно. Л.Дэндэв, Ч.Жүгдэр, С.Жалан-аажав нар энэхүү хандлагын гол төлөөлөгчид мөн. Эдгээр эрдэмтэд "Их засаг"-т хамаарна гэж үзсэн заалтуудаа Гуравдугаарт, "Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлоход гарч ирсэн гурав дахь хандлага нь тодорхой хэсэг, бүлэгт оруулахгүйгээр тухайн сурвалж бичиг, зохиол бүтээлд тэмдэглэн дурдсан хуулийн заалтуудыг иш татаж дэс дарааллаар нь жагсаан бичиж тайлбар зүүлт хийснээр илэрч байна. Ийм байдлаар “Их засаг”-ийн агуулга, ач холбогдлыг тодорхойлон гаргах гэсэн ханддага Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн Х.Намжил нарын бүтээлүүдэд илрэлээ олжээ. В.Я. Рязановский "Чингис хааны их засаг" гэсэн бүтээлдээ эрдэмтдийн бүтээлүүдээс "Их засаг"-т холбогдох заалтуудыг шууд иш татан жагсаан бичиж, тайлбар, дүгнэлтүүд хйисэн бөлгөө. В.Я.Рязановскийн сурвалжлан олж, нэгэн бүтээлд нотлон өгүүлж, дүгнэлт хийсэн "Их засаг"-т холбогдох заалтууд Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоох тодорхойлоход эрдэм шинжилгээ, арга зүйн чухал ач холбогдолтой бөгөөд өрөөрсөө хойшхи судлаачдад асар их нөлөө үзүүлсэн ажгуу. Х.Намжил "Чингис хааны засаг ба билэг" хэмээх зохиолдоо Монголын түүхэнд хамаарах сурвалж бичгийн шинжтэй бүтээлүүдэд дурдан тэмдэглэсэн "Их засаг"-т хамаарах заалтуудыг иш татан бичсэн нь Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг тогтоон тодорхойлоход мөн л чухал ач холбогдолтойг тэмдэгл үүштэй. Судлаачдын дотроос Д.Дашцэдэн арай өөрөөр бичихдээ "Их засаг" хууль нь бүтцийн хувьд дараа хэсгийг өөртөө багтаасан гэж үзэж болно. Үүнд: оршил; "Их засаг"-ийн бүтэц, агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа арга зүйн хувьд анхаарах хэд хэдэн зүйл бий. Нэгд, Чингисийн хаант улсын хууль цаазад хамаарах заалтуудыг түүвэрлэн авч боловсруулахдаа дорно дахины орнуудад хууль цаазаа бүтээж ирсэн уламжлалыг харгалзан зохих дэс дараалалд оруулж тайлах чиг баримтлах. Хоёрд, тус хаант улсын цаазад хамаарах заалтуудыг зохицуулсан харилцааных нь шинж байдлаар төрөлжүүлэн ангилж байршуулбал ойлгомжийн хувьд илүү сайн болох. Гуравд, аль болох шинжлэх ухааны үндэстэй байх шаардлагыг иш үндэс болгон эрх зүйн тогтолцооны орчин үеийн онолын сэтгэлгээний үүднээс хандах. Дөрөвд, орчин үеийн гол хуулиудын бүтэц агуулгатай жишиж үзэн, агуулга, ач холбогдол, уламжлагдах шинжийг нь тодорхойлох гаргах. Тавд, заалт бүрийн хууль зүйн утгыг түүхэн тухайн цаг үеийн нөхцөлд нийцүүлэн үнэн бодитой тайлах зэрэгт анхаарах нь чухал юм. Ийм арга зүйгээр хандахдаа Чингисийн хаант улсын хууль цаазын тухай мэдээлэл, баримт, заалтуудыг агуулсан түүхэн сурвалж бичиг, судар, шастир, ном зохиол, туурвил бүтээлүүдийн аль болохоор бүрэн судалж ашиглавал эл үеийн хууль цаазын агуулга, ач холбогдол төдий чинээ үндэслэлтэй гүн гүнзгий боловсрогдох учиртай. Энэхүү бүтээлд Чингисийн хаант улсын хууль цааз, түүний илэрхийлэл болсон "Их засаг"-ийн бүтэц агуулгыг тодорхойлох асуудалд хандахдаа уг цаЛ төчнөөн хэсэг, бүлэг, зүйлээс бүрдсэн тийм хэмжээтэй хууль байсан хэмээн тогтоох зорилго тавьсангүй. Нэгэн "Их засаг"-ийн жинхэнэ эх олдоогүй болохоор түүний бүтцийг ямарч хэлбэрээр тогтоолоо гэхэд тэр нь "зохиомол " бүтэц байх болно бизээ. Энэхүү бүтээлд "Их засаг"-ийн агуулга, түүнд хамаарах хууль зүйн утгыг аль болохоор тодорхой харуулах чиглэл баримтлаж, үүний үндсэн дээр "Их засаг" нь ямар харилцааг зохицуулсан, ямар хүрээ агуулгатай, ямар шинж, чанар, ач холбогдолтой, ямар хууль цааз байсныг тодорхойлон гаргах зорилт тавив. Чингэхдээ Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар, Юан улсын судар, Монгол татарын тэмдэглэл зэрэг Монгол сурвалж бичгүүд болон өрнө дорнын ба үндэсний олон арван эрдэмтэд, судлаачдын судалгаа, шинжилгээний бүтээлүүдийн харьцуулан судалсан дүнд тулгуурласан бөлгөө. Ингээд 'Их засаг"-ийн агуулгыг авч үзье. 2. Түүхэн сурвалж бичгүүд болон эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээлүүдэд тэмдэглэн дурдсан их засагт хамаарах заалтуудыг түүвэрлэн авч, нэгтгэн шинжиж үзвээс тооны хувьд цөөн бус, агуулга хүрээний талаар өргөн бөгөөд баялаг болох нь илэрхий мэдрэгднэм. Агуулга, багтаамж нь нийгэм, төрийн амьдралын бүх үндсэн хүрээг хамарсан агаад монголын унаган төрх, өвөрмөц онцлог, төрийн бодлого, нийгмийн зохион байгуулалт, амьдралын хэв маяг, зан заншил, иргэний ёс, аж байдяыг гүнзгий тусгасан шинжтэй байна. Чингисийн хаант улсын дүр төрх, шинж төлөв төрийн цааздаа тусаж байх нь зайлшгүй төдийгүй Монгол улс дэлхийд алдаршсан хүчирхэг гүрэн болж мандан хөгжсний нэгэн үндэс шалтгаан нь энэхүү хууль цааз, түүний хэрэгжсэн үр дүнд оршиж байсан байж болохыг үгүйсгэх юун. Ямар боловч энэ нэгдсэн цааз Чингисийн хаант улсын төр оршин тогтнохын нэгэн гол үндэс, хүчирхэгжин мандаж, төрийн дотоод, гадаад бодлого биелэн хэрэгжих чухал хэрэгсэл, монгол үндэстэн бүрэлдэж, нийтлэг маягийн эдийн засаг, аж ахуй, хэл бичиг үсэг, удам угсаа, зан заншил бүхий соёл иргэншил тогтон төлөвших хууль зүйн нөхцөл болж үйлчилсэн нь тодорхой болой. Иймээс Чингисийн хаант улсын хууль цаазын гол илэрхийлэл болсон Их засаг"-ийн заалтуудыг тогтоосон хэм хэмжээнийх нь агуулга, хүрээг үндэс болгон төлөржүүлэн ангилж үзэх нь зүйтэй болов уу. Эл ялдамд их засгийн заалтууд ямар дэг журам, зан үйлийг тогтоосон, тэр нь хууль зүй ямар агуулга, учир утгатай бөгөөд нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлсөн, хууль цаазын цаашдын зохицуулалтад ямар байдлаар уламжлагдах шинж төлөв агуулж байсныг тайлан тайлбарлах нь чухал хэмээн "Их засаг"-т хамаарах заалтуудын агуулгыг нэгтгэн дүгнэж үзвэл тогтоомжийнхоо утга учир зохицуулсан зүйлийнхээ зориулалтаар үлэмж баялаг юм. Тухайлбал, монголын нэгдсэн улсын бүрэн эрхт байдал их хаан, түүний эрх мэдэл, засаг захиргааны хуваарь төрийн байгууллагын тогтолцоо, түүний байгууллагуудын эрх, үүрэг, түшмэдийн ёс, улсын санхүү, алба татвар, цэргийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аж ахуй эрхлэн хөтлөх, газар нутаг, ус ургамал, ан эзэмших, ашиглах, хамгаалах журам, гэр бүл, зан заншил, эрүүгийн бодлого, гэмт хэргийн төрөл, ял шийтгэлийн хэлбэр, хэмжээ зэрэг олон асуудлыг хуульчилан бэхжүүлсэн бөлгөө. Орчин цагийн ёс, олон түмэнд ойлгомжтой болгох зорилгын үүднээс дээр дурдсан зүйлүүдийн Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгыг авч үзэхэд харгалзан үзэх зүйтэй хэмээн тооцном. Чингис хаан, "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон дээр дор хүрвээс биширтүгэй, аюутутай" хэмээн зарлиг буулгаж, улмаар энэхүү зарлиг нь төрийн тамган дээр сийлэгдсэн нь улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүлж буй жааны дээд эрх, нэр төрийг илтгэсэн улс төр, хууль цаазыи гүн агуулгатай ажгуу. Энэ нь монголчуудын байгуулсам улс бол монгол угсаатны нэгдсэн улс мөн. Тус улс нь эх дэлхийн хамгийн хүчирхэг, бүрэн эрхт улс бөгөөд түүнийг ямарч улс орон хүндэтгэн биширч, бодлого, саналыг нь анхааран үзэж, найрсаг харилцаатай байх утга санааг илэрхийлж байв. Чингис хаан гадаад бодлого, дайн явуулах, найрамдах, эвлэрэл тогтоох зэрэг улсын бүрэн эрхт байдалт хамаарах асуудлыг Их Хурилдайгаар хэлэлцэх журмыг хатуу баримталж байсан нь улсынхаа бүрэн эрх, халдашгүй байдлыг ариун дархан эрх, ашиг сонирхол хэмээн өндөрт тавьж, түүнд маш анхааралтай хандаж байсныг харуулна. Алив улс оронтой харилцахдаа Монгол улс биеэ даасан хүчирхэг улс мөн болох үүднээс харилцаж, мөн ийм улс гэдгийг хүлээн харилцан бие биедээ итгэл, хүндэтгэл үзүүлж байх зарчмыг удирдлага балгож байсан болой. Монгол улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлэн хангахдаа төрийн тэргүүн их хааныг дээдлэн биширч, түүний гарвал угсаа, нэр төрийг хүндэтгэн хамгаалахтай гүнээ холбон үзэж үүндээ шишин, ёс суртахууны зан үйлийг эрхэмлэн ашиглаж байсан бөлгөө. "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй хэмээсэн пайзын үгс, "Мөнх тэнгэрийн ивээлээр улс орныг тохинуулж байхад үзэх нүд, сонсох чих болж яв" хэмээн Шихихутагт хандан буулгасан Чингис хааны зарлиг, Чингисийг “Их монгол улсын далай хаан”, ”Эзэн богд Чингис ", "Хамаг олны эзэн", "Хөх тэнгэрээс заяагаар төрсөн хүлэг богд эзэн” гэх зэргээр соёрхсон өргөмжлөл нь улсын бүрэн эрхт байдлын илэрхийлэл болсон хаан хүний халдашгүй байдал, бүрэн эрхийг баталгаажуулсан хэрэг болой. Чингис хааныг дээдлэн хүндэтгэх нь Монгол улсын бүрэн эрхт байдлыг зөвшөөрч буйн илэрхийлэл, улсын иргэд хаанаа бишрэн итгэх нь бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа хэмээн үзэж байв. Ж.Вернадский "Чингис хааны их Яса /засаг/-ийн судалгаа, түүний агуулга" бүтээлдээ "Төрийн дээд эрх хаан хүнд төвлөрч, хан цол нь төрийн дээд эрхийн баталгаа болно", "Чингис хаан олон улсын харилцаанд хандахдаа өөрийгөө бурхан тэнгэрээр хамгаалуулан удирдуулдаг гэж үздэг байв" хэмээн бичээд тавьсан шаардлагаа биелүүлэхгүй бол юу тохиолдохыг бурхан тэнгэр зааж өгнө гэсэн итгэл, бишрэлээр авсан арга хэмжээгээ зөвтгөн үзэж байсньг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, төрөөс /хаанаас/ авсан онцгой арга хэмжээ, түүний дотор дайн зарлах, цээрлэл үзүүлэх зэрэг үйлдлүүд ч тэнгэр бурхнаас зааж өгч буй зайлшгүй зүйл хэмээн хаант төр, эзэн хаанд итгэх нь хууль мэт хүчтэй, ёс суртахууны хувьд бишрэн хүндэтгэх учиртай байсан аж. Төрийн тэргүүн - их хааныг өргөмжлөх улс төр, зан заншлын хэм хэмжээ нь өмнөх үеийн монголын төрийн уламжлалт ёсыг өвлөн залгамжлахын хамт өөрөөсөө хойшхи үеийн төрийн ёсонд эерэг гүн нөлөө үзүүлсэн төдийгүй орчин үеийн төрийн ёсонд төрийн тэргүүнээ, төрийн өндөрлөгийн дээд албан тушаалтнаа сонгох, шинэ агуулгаар баяжуулан хэрэглэж болох ач холбогдолтой болмой. Улсын бүрэн эрхт байдал, төрийн тэргүүн хааны өндөр дээд эрх төрийн цаазыг батлах, биелүүлэх зан үйлд тод илэрч байсан бөлгөө. Төрийн нэгдмэл цааз хуультай байж, түүнийг их хаан батлан, улс орон, ард иргэд нийтээрээ хүндэтгэн биелүүлэх, эс биелүүлвээс гэмтэн болох нь улсын бүрэн эрхт байдал, туурга нэгт улс оршин тогтнохын нэгэн үндэс байсан болой. 1206 оны Их Хурилдай дээр улс орон нэгдмэл цаазтай байхыг тунхаглаж, төрийн хуульч, улсын дээд заргачийн орон тог бий болгон хааны хууль зарлигийг эмхэтгэн дэвтэрлэж, түүнийг "ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" хэмээн тогтоосон болой. Аравны даргаас эхлээд түмтийн захирагч, шадар сайд хүртэлх бүх албан тушаалтнаас төрийн хууль зарлигийг хатуу чанд биелүүлэхийг шаардаж байжээ. Чингис хаан "Миний зарлигийг аман дээрээ даган алсдаа зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлэгсэд болбоос нийтийг захирч үл чадмой" хэмээн зарлиг буулгасан нь хуулийг нэг мөр ойлгон зүрх сэтгэлээрээ чанд сахиж тэгснээрээ төр хүчтэй ба гүн ухааны учир шалтгаантай ажгуу. Хууль цааз биелүүлэхийг шаардах төдийгүй түүний тухай тайлбарлан таниулах, учирлан зөвлөх ажлыг зориуд явуулж, харъяат иргэдээ хуулийн дагуу удирдан засах нь Чингисийн хаант улсын төрийн бодлогод чухал байр суурь эзэлж байжээ. Рашид-Ад-Дин "Судрын чуулган" хэмээн бүтээлд "Түмтийн ноёд, мянгатын ноёд хийгээд зуутын ноёд он бүрийн эхэн ба эцэст хүрэлцэн ирж Чингис хаан билэгийг хичээнгүйлэн сонсоод буцваас цэрэг анги ноёлж чадна. Хэрэв орд харшдаа саатаж билэг сургаалыг эс сонсвоос цээл уснаа шидсэн чулуу, хулснаа харвасан сум мэтээр мөр сураггүй орших болой. Ийм хүн удирдагч болбоос зохихгүй" хэмээн бичсэн байдаг. А.В. Рязановский "Түмт, мянгат, зуутын ноёд жилийн эхэн, адаг хоёрт хаанд бараалхаж түүнээс юу сургахыг сонсч хариад цэрэг иргэдээ захирна" хэмээн "Монголын эрх зүй" номондоо өгүүлжээ. Монголын хууль цаазын эрт эдүгээгийн түүхд "Алив ноёд жилийн эхэн ба адагт ирж Чингис хааны соёрхох сургахыг сонсч эргэж хариад цэрэг ард вугаай асарч чадна. Соёрхох сургахыг үл сонсон гэртээ суугсад бол зэгсэнд харвасан сум, усанд орхисон чулуу мэт сураггүй болно" гэж өгүүлсэн нь бий. Янз бүрийн цаг үед янз бүрийн эрдэмтдийн бичсэн зүйлс хэлбэрийн хувьд зөрүүтэй ч агуулгын хувьд нэгэн адил болмой. Тухайлбал, Хаант төрөөс их хаан тэргүүлэн жил бүрийн эх, адаг хоёрт төрийн засаглах гол албан тушаалтнуудыг цугларуулан цааз, сургаал буулган, үүрэг зөвлөгөө айлдаж тэр нь хууль цаазыг биелүүлэхэд улс төр, хууль зүйн чухал үүрэг гүйцэтгэж байсныг илтгэн харуулна. Чингис хаан хуулийг гуйвалтгүй биелүүлэхийг шаардан түүнийг найдвартай хамгаалахыг зарлигдаж байсан нь өөрийн нь үед ч, залгамжлагчдынх нь үед хэрэгжиж байсныг тэмдэглэвэл зохилтой. Жишээлбэл: Италийн жуулчин Марко Поло монголчууд хааныхаа "зарлиг" тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж гүйцэтгэдэг" гэж тэмдэглэсэн байдаг. Ибн Батутыгийн тэмдэглэснээр Чингисийг залгамжлагсад Чингисийн цусны биш ноёдоос дурдсан хугацаанд их засгийг зөрчсөн эсэхийг мэдэхээр дээд албаны хүмүүстэй жил бүр цуглаж хэлэлцэн ямар нэг ноёны гэм буруутай байдал илэрвэл албан тушаалаас нь халж байсныг Ж.Вернадский өгүүлэлдээ бичсэн бөлгөө. Чингисийн хаант улсад нийт хүн ам аль нэг аравт, зуут, мянгат, түмтэд харъяалагдан аж төрж амьдрах иргэдийн харъяаллын тогтолцоог бий болгож хуулиар бэхжүүлсэн ажгуу. Энэ тухай хуулийн тодорхой заалтууд байсныг өгүүлсэн бүтээлүүд бий. А.Жувейни "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх" номонд "Хүн ард харъяалагдан бүхий зуут, мянгат, аравтдаа байваас зохимой. Бусад нэгжид шилжиж үл болно. Өөр газарт очоод өмчлөгдөн хоргодож үл болно.Энэ зарчмын зөрчин шилжигсдийг цэрэг, ардын өмнө цаазаар автугай" хэмээн бичсэн байдаг байна. Мөн ийм утгатай зүйлийг Япон улсын түүх, Чингис хааны товчоон зэрэгт бичсэн нь бий. Харъяаллаын ийм тогтолцоо нь улсын иргэдийг засах, цэрэг, иргэний амьдралыг явуулах зохион байгуулалтыг хангаж байжээ. Үүний үндсэн дээр цэрэгт татах, цэргийг зохион байгуулах, байлдах ажилллагаа явуулах, цэргийн хэрэглэл, морь, унаа, хоол хүнс дайчлан гаргуулах, алба авах, авд явах, нүүдэл суудал хийх, байгалийн бэрхшээлээс гарах зэрэг ажил хэрэг зохион байгуулагдан явагдаж байжээ. Өөрийнхийг бусдын хэлсэн лүгээ ялангуяа мэргэдийн яриа лугаа адилтгах хэрэгтэй. Эс тэгвээс зарлиг буулгаж үл болно" гэж хуульд заасныг тэмдэглэжээ. Л.Дэндэв Их засгийн нэгэн зүйлд "Гурван хүн аад авалцан зөвшөөрсөн хэргийг хаана ч өгүлж болмой. Тийм бус бол батлан итгэж болохгүй" "Өөрийн ба бусдын үгсийг учир мэдэх хүмүүсийн үг лүгээ харьцуулан үз. Хэрэв нийлбэл бусдад хэлж болно. Эс нийлбэл хэлж болохгүй" хэдеээн заасан гэж бичсэн бөлгөө. Их засагт " ... хэн нэгэн цэрэгт оу дутагдвал даруй нийлүүлэн өгтүгэй" гэсэн заалт байсныг "Монголын хууль цаазын эрт эдүүгээгийн түүх" номонд өгүүлсэн байдаг. {mospagebreak} Сайшаал шашны хэргэмтэн, шавь, эмч сурагчаас бусад ард иргэн гааль, гувчуур тушаах үүрэгтэй байсныг дурдсан байдаг. Мөн Чингис хааны үед цэргийн алба, өртөөний алба болон энгийн гааль, гувчуур хэмээх татвар авч байсан тухай В.А.Рязановскийн бүтээлд тэмдэглэгдснийг өгүүлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд албан татварын бодлого түүний төрөл, хэлбэр хэмжээ хууль цаазад өөрийн зохих байр суурь эзэлж байсан нь илт байна. Татварыг мөнгөн хэлбэрээр авах журам байгаагүй ч эд хөрөнгө, мал уналга, хүнсэн бүтээгдхүүнээр авах ба биеэр журам тогтон хэрэгжиж Албан татвар, цэрэг, өртөөний албаны тухай Чингисийн хаант улсын төрийн бодлого түүнийг залгамжлагчдын үед улам гүнзгийрэн боловсорч хөгжсөн бөлгөө. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд Хишигтэн цэргийн үйл ажиллагааны тухай цааз нийт цэргийн цаазын дотор тодорхойлогч рольтой байсан нь харагдаж байна. Тийм учраас Хишигтэн цэргийн тухай цааз нэлээд дэлгэрэнгүй байдлаараа "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдэн үлджээ. Цэргийн цаазын дотор цэргийг захирах, цэргийн аян дайнд явах журам, цэрэг ба цэргийн захиргаадын хоорондын харьцааны тухай заалтууд өвөрмөц байр эзэлнэ. Цэрэг захирагч ноёд аян дайнд мордохоос өмнө цэрэг бүрийн зэр зэвсзг, замд хэрэглэх зүйлс, зүү утас зэрэг бүхий л бэлтгэлийг шалган зааварлаж байх үүрэгтэй Цэргүүд цэргийн сахилгыг чанд сахих үүрэгтэй. Цэргийн ноёдын тушаалын цэргэ бүхэн үг дуугүй биелүүлнэ. Цэрэг нь нэг газраас нөгөөд зөвшөөрөлгүй нүүж үл болно. Аян байлдаан, ан авлагын талбараас цэрэг хүн дур мэдэн явж болохгүй. Аравтаас цэрэг нь оргосон байвал арваны даргыг шийтгэнэ хэмээн Чингисийн хаант улсын хуульд заасан байна. "Чингисийн хаант улсын хууль цаазын агуулгын нэгэн гол чиглэл нь иргэн, аж байдлын шинжтэй заалтуудад илрэлээ олж байна. Монголчуудын амь зуух гол аж ахуй нъ бэлчээрийг шүтдэг мал аж ахуй байсан учир түүнийг" маллах, арчлах, хамгаалах, ашиглах, эзэмшихтэй холбогдсон төрийн бодлого, зохицуулалт хууль цаазад 1 нилээд тодорхой тусгагдсан болой. Мал маллах арга ажиллагаа олон зуун жилийн өмнөөс уламжлан өвлөсөн заншил, аж ахуйн хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байсан нь илэрхий. Малыг жилийн дөрвөн улиралын байдалд нийцүүлэн "хаваржаа", "намаржаа", "өвөлжөө" хэмээн хэлбэршсэн ургамлын ашиг шимтэйг даган сэлгэн нүүдлэх хэлбэрээр маллаж байжээ. Бэлчээрийг өдөр тутамд хуваарилан малаа идээшлүүлэх, хариулах, малд тарга хүч авахуулах, услах, хужирлах, ноослох, өвчнийг нь эмчлэх, малыг тэжээх, нүүдэл суурьшил хийх, байгалийн үзэгдлээс хамгаалах ажиллагаа заншлын хэм хэмжээнээс суралцан мөрдөх үндсэн дээр явагдаж байсан агаад түүний агуулга нь маш өргөн, олон талтай байсан бөлгөө. Мал маллах арга ажиллагаанаас гадна малын ашиг шимийг ашиглах хэмээх өргөн ойлголтын хүрээнд малын ноос, үс, хялгасыг авах, ашиглах, мах, арьс, шир, сүүг хэрэглэх, түүгээр хүнсний зүйл /аарц, ааруул, тос, бяслаг, тараг, айраг, борц гэх мэт/ хийх, гэр ахуйн зүйлс /эсгий, гэрийн бүрээс, ширдэг, дэвсгэр, гутал, гэх зэрэг/ хүний хувцас, хунар, /дээл, өмд, дах, дэгтий, гутал гэх зэрэг/ хийж гэрийн шинжтэй үйлдвэрлэл явуулах, тэдгээрийн технолгийг сурах, эзэмших, үйл ажиллагаа мөн л зан заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байлаа. Монголчуудын амьдрах арга болсон эдгээр чиглэл нь өөр хоорондоо салшгүй холбоотойгоор нэг талаас аж төрөх хэрэгсэл, йөгөө талаас амьдрах орчин ахуй болж жил, улирал бүр тасралтгүй явагдаж байснаараа онцлог юм. Монголын таван хошуу мал сүргийн дотроос хонь, ямаа, үхэр, тэмээн сүрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж, хоол хүнс, сааль сүү, ачлагын голдуу үүрэг гүйцэтгэж байсан бол адуун сүрэг ялангуяа агт морьд цэргийн гол уналга, өртөө шуудан зам харилцааны үндсэн хүч болж байсан ажээ. Үүнтэй холбоотойгоор дайн байлдаанд унаж байсан агт морьдыг ус бэлчээрт тавин таргалуулж уналгад хэрэглэхгүй байх, морины толгой, нүдийг занчиж цохиж үл болох, морьдыг хулгайлахыг хатуу цээрлэхийг хуулиар тогтоосон ажгуу. Мөн хонин сүргийг арчлан хамгаалахад ч анхаарал тавьж байсныг харуулах хууль зүйн баримт байна. Хонийг хулгайлахыг цаазлан хориглож байжээ. Бог малыг гараж /алж/ хоолонд бэлтгэхдээ өрцлөн голыг нь таслан алж байхаар заажээ. Монголчууд мал сүргээ эрхлэн маллаж аж төрөхдөө малынхаа бэлчээр нутаг, газар шороо, ургамал амьтадтай зүй зохистой харьцаж аль болох ая зүйтэй ашиглах, хамгаалах явдлыг төрийн хууль цаазын бодлого бологн явуулж байжээ. Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн хууль зүйн шинжтэй баримтаас үзэхэд газар нутгийг гурван үндсэн хэлбэрээр эзэмшүүлэн ашиглаж байжээ. Чингис хаан улсын заргач Шихихутагт "Бидний эх ба дүү нар, хүвгүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдэтий дотроос харъяалах ардыг хувааж өг" /11.180/, "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэ /11.180/ хэмээн зарлиг буулгасны дагуу Өүлэн эх, бага дүү Отчигинд тус бүр түмэн өрх, Зүчид 9000, Цагаадайд 8000, Өгөөдэйд 5000, Тулуйд 5000, Хасарт 4000, Алчидайд 2000, Бэлгүүтэйд 1500 иргэнийг /11.210-211/ нутаг усны нь хамт соёрхон өгч эзэмшүүлжээ. Чингис хааны зарлигаар мянгат бүхэнд газар нутаг хуваарилан хэрэхн эзэмших, зохицуулах эрхийг мянгатын ноёнд олгосон байна. Мөн Сорхон шар, Хорчи ноён зэрэг үнэнч зүтгэж үйлс бүтээсэн ноёдод газар нутаг, өрх иргэнийг зарлиглан эзэмшүүлжээ. Ийнхүү газар нутаг, өрх иргэнийг эзэмшүүлсэн нь нэг талаас дундаж зууны үед хамжлагын систем тогтох зүй тогтлын илрэл байсан боловч нөгөө талаас суурьшмал оронд газрыг сонгодог хэлбэрээр эзэмшүүлдэг нь нүүдлийн иргэншилт улс оронд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байхын илэрхийлэл байсан болой. Чингис мянгатын ба Чингисийн эх, дүү, хүүхэд ноёд дээдэст хуваарилагдан очсон өрх иргэд, өөрийн дураар нутаг усаа, эзэн ноёноо орхин явах эрхгүйг хуульчлан тогтоосон юм. Ийм байдлаар Чингис хааны хуулиар монголын онцлогт нийцсэн газар эзэмшлийн тогтолцоог бий болгосон байна. Чингэхдээ өмнө өгүүлсэнчлэн монгол дахь газар эзэмшил нь өөрийнхөө жинхэнэ агуулгаар нутгийг бэлчээрийн хэлбэрээр нийтээр эдэлж, нутагласан нутаг бүхэндээ түүн дээр байдаг уул, ус, ургамал, амьтадыг дээдяэн ашиглах, хамгаалах ёс заншлыг хэвшүүлэх, хуулиар баталгаажуулах нь Чингисийн төрийн хууль цаазын бодлогын салшгүй хэсэг байжээ. Сайшаал "малын бэлчээрийг онцгой эрхэмлэж, бэлчээрийн тухай тусгай хуультай байсан" хэмээн дурдсан нь сонирхолтой юм. Бэлчээрийг эвдэх, ногоорсон хойно нь газрыг нүхлэх /ургах, үржих, үр, үндсийг нь таслах, хөрсийг нь эвдлэхээс хамгаалах зорилготой/, гал алдаж бэлчээрийг шатаах, гол булгийн усанд биеэрээ орох, хувцсаа угаах, ахуйн усанд гараа дүрэхийг хаант улсын хуулиар хориглосон нь газар усаа дээдлэн бишрэх, хамгаалан ариун байлгах зорилготой байсан ажгуу. Петис де Крейкс "Эртний монгол, түүний зэргэлдээ орнуудын сударт бичснээр тэнгэрийн дуу цахилгаан нь монголчуудад үргэлж гамшиг тарьдгаас тэнгэрийн дуу сонсмогцоо гол, цөөрөм рүү үсрэн орж живдэг учир тэд дуу, цахилгаантай борооноос айдаг. Тэмүүжин энэ ер бусын аюулаас болж юугаар ч сольж болшгүй хамгийн шилдэг цэргүүдээ алдаж байсан учраас ямар нэгэн шалтгаар усанд орох, хувцсаа угаах гэсэн хэнийг ч болов хатуу шийтгэхээр зааж тэнгэрийн дуу цахилгаантай үед урсгал усанд хувцсаа угаахыг хориглож байв" хэмээн бичсэнийг хэд хэдэн бүтээлд иш татан тайлбарласан байдаг нь /3.24/ монголын тухайн үеийн түүхэн уламжлал, зан заншил, цааз тогтоосон бодит байдалд төдий л нийцмээр үндэслэл биш баймаар санагдана. Монголчууд дуу цахилгаантай бороотой харьцах, түүнийг бишрэн хүндэтгэх мөртлөө түүнээс ба цахилгаан, аянга буух үзэгдлээс бие хүн, мал, хөрөнгө, гэр орноо хамгаалах арга ухааныг бүр эртнээс сурч эзэмшсэн уламжлалтай бөлгөө. {mospagebreak} Монголчууд мал сүргээ маллан, газар, ус, өвс ургамлаа шүтэн амьдрахдаа өөрсдийн амьдралын байнгын нэгэн орчин болох ан амьтдын харилцааг заншлын ба төрийн хууль цаазын хэм хэмжээгээр зохицуулахад хаант төр анхаарал тавьж зохих түвшин хууль цаазаар бэхжүүлж байжээ. Ан амьтанг бишрэх хайрлан хамгаалах, ан авыг амьдрах, аж төрөх хэрэгсэл болгон ашиглах нь монголчуудын хувьд нэн эртнээс уламжлалтай юм. Ан амьтны амгалан тайван байдлыг алдагдуулж үргээх, хөөх, утга учиргүй алах, хөнөөхийг ихэд цээрлэх, хүн байгальд нөлөөлөх байдлаар нь амьтан бүхэнд ялгавартай хандах, бишрэх, шүтэх, ан агнахад эрхэс тэнгэр, нутаг, уул усандаа хүндэтгэл үзүүлж нигүүлсэнгүй сүсэг, зан үйл нэвтрүүлэх зэрэг нь эртнээс өвлөсөн заншлын хэм хэмжээний үндсэн дээр явагдаж байв. Анд явах, ирэхдээ ямар зан үйл гүйцэтгэх яаж ямар аргаар агнах, хэрхэн төхөөрөх, өвчих, мөчлөх дээш өргөх, чанах, айл хөршид амсуулах, хуваах, зооглох мэт үйлдэл бүр өөрийн горим, зан үйлтэй байжээ. Ангийн мах, арьс, үсийг хэрхэн ашиглах нь ч нарийн ёс дэгтэй. Тэдгээрийн гол агуулга нь анг үс, мах гүйцсэн ашигтай үед нь ангах, үр төлөө гаргаж буй үед агнахыг цээрлэх, үржлийн ба төлөөрөө байгаа анг агнахгүй байх, анг үржүүлэх, хамгаалахад чиглэж иржээ. Анг хувиараа агнах нь /гөрөөс, тарвага, гахай гэх мэт/ иргэдийн амьдралын нэг чухал сурвалж болж түүнийг хүнс хувцас, хунар гэр ахуйдаа хэрэглэж байсан нь мал аж ахуйтай харьцуулбал туслах, дагалдах шинжтэй байжээ. Иймээс хувиараа ан агнах нь голдуу заншлын зан үйлд тулгуурлан байв. Харин ав хийх, түүнд оролцох нь төрөөс тогтоосон журмаар зохицуулагдаж байсан бөгөөд түүний тухай өмнө өгүүлсэн билээ. Иргэдийн хоорондын харилцааг зохицуулсан шинжтэй цаазууд хаант улсын хууль цаазад мэдрэгдхүйц байр суурь эзэлж өөрийн гэсэн онцяог шинжтэй байсан нь судалгааны дүнгээс харагднам. Энэ нь юуны өмнө болзох, анд бололцох, гэрээслэл тавих, өв өвлөх арилжаа худалдаа хийх, гэр бүл бололцох, бие биедээ тусламж дэмжлэг үзүүлэх, иргэд хоорондын маргаан мэтгэлцээнийг шийдвэрлэх зэрэгт илэрч байжээ. Монголын нууц товчоонд буй баримтаас үзэхэд Есүхэй ба Тоорил, Тэмүүжин Жамуха болзоо тавьж, анд бололцсон мэдээлэл үлдсэн нь иргэний цаазын агуулгатай болно. Учир нь анд бололцох ба болзоо тавихад хоёр тал тодорхой үүрэг хүлээж, тангараглан нотлох, анд бололцсноо илэрхийлсэн эд мөрийн зүйл солилцох журам бүхий байжээ. Тухайлбал Тэмүүжин, Жамуха хоёр анд бололцохдоо эхний удаад Тэмүүжин нь цутгамал шагай ба арц модон годил /болцууАыг Жамухад өгөөд оронд нь Жамуха гурын шагай ба бярууны хоёр эврийг нааж хийсэн дуут сумыг Тэмүүжинд өгч бэлэгдсэн байдаг. Болзоо тавихад хоёр талын аль аль нь хатуу үүрэг хүлээж, түүнээ харилцан тангарагладаг ёсон байсан нь басхүү хууль цаазын агуулгатай агсан ажгуу. Энэ нь болзоогоо зөрчиж, тангарагаа няцваас нөгөө тал нь торгууль оногдуулж шийтгэдэг байснаар илэрч байна. Энэ тухай Монголын нууц товчоонд Жамух болзоо тавьсан Тэмүүжин, Тоорил нарт хандаж "Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж "за" гэж андгайлсан биш билүү?" "за" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасая гэсэн биш билүү?" гэвэл Тоорил ван "тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамух дүү минь мэд гэв" хэмээн өгүүлсэн байна. Үүний зэрэгцээгээр иргэд хоорондын харилцаанд заншлын хэм хэмжээг хуулын заалтаар бэхжүүлэн заавал биелүүлэх шинжтэйгээр мөрдүүлэх явдал дэлгэрсэн нь Чингисийн хаант улсын -хууль цаазын нэгэн онцлог мөн. Түүхэн сурвалж бичиг, эрдэмтдийн бүтээлүүлэд энэ тухай нилээд хэдэн заалтыг дурдсан байна. Тухайлбал, ямарч хүн замд явж байгаад хоол идэж буй явдалтай тохиолдвол мориноосоо бууж, эзэн хүний зөвшөөрлийг хүлээлгүйгээр идэх, ингэж идэхийг эзэн хүн нь ч үл хориглох, зочин хүн хань нөхдөөсөө илүү идэх, зочилж буй айлынхаа гал тогоо, идээтэй тавган дээгүүр алхахгүй байх, зориуд худал хэлэх, ид шид гаргах, хүмүүстэй хамт . хоол идэж байгаад хахах, тогоотой хоол, гал голомт руу хутга, мэс дүрэх, бусдын үйл хөдлөлийн далдуур тагнах, зодолдож маргалдаж буй хүмүүсийн хооронд хөндлөнгөөс оролцохыг хориглох хуулийн заалтууд гаргаж байсан нь хүмүүсийн хоорондын харилцаанд хүнлэг, хүндэтгэлтэй, төлөв зан үйлийг нэвтрүүлж, үндэсний иргэнших ёс, бүрэлдүүлэхэд нөлөөлөх зорилго агуулж байсан байж болох бөлгөө. Сайн зан үйл төлөвшүүлж, муу зан үйл хийхээс сэргийлэхэд төр анхаарч байсны илрэл болон заншлын зарим хэм хэмжээг төрийн хуулиар хуульчлан баталгаажуулсан байсан байж болох юм. Ялангуяа энэ нь архи хэрэглэх, түүний хор холбогдлыг олон түмэнд ойлгуулах, архи уухад хүрвэл баримтлах ёс, зан үйлийг тогтоон төлөвшүүлэхэд нэлээд тодорхой илэрч байжээ. Чингис хаан "Архинд автваас сохор дүлий мэт, дотрро ухаангүй, гаднаас аргагүй, ажил цөм саарна. Архи хэтэрвээс сайн муут үл яАгана. Эзэн хаан архинд автваас төр гүрнээ алдана. Сайд түшмэд архинд автваас хүнд ялд унана. Миний сургаалийг эс дагагсдыг түрүү хоёр удаа зэмлэн донгод. Гуравдахь удаагаа бол хорчирт цол, дахин эс дагавал гянданд хорь" гэж сурган зарлигласан байдаг. Чингисийн есөн өрлөгүүдээс архины учир холбогдлын тухай хэлсэн үгс анхаарал татахгүй байхын аргагүй. Жишээлбээс, Гоо Мухулай "Барилдсан үгсийг маань байлгадаг бишүү. Бардам дээрэнгүй сэтгэлийгн төрүүлдэг биш үү. ... Улигт муу ундаа дарсыг тэдчиж уг маань бэх. Бие маань янаг буй заа" , Боорчи "Аманд орохдоо алтан шумуул мэт. Амнаас гарахдаа арслан заан мэт. ... Оюун билэгийг умартуулаг биш үү. Олсон зөөснийг барагдуулдаг биш үү", Зэлмэ "Бор дарсны зориг буюу Богд эзний маань засаг үгүй буюу", "Хар архийг тэвчье л. Хаан эзнийхээ өмнө үнэхээр зүтгэе л", "Амрагаас алгасуулдаг биш үү. . Алив муу сэтгэлийг төрүүлдэг биш үү" хэмээн санаагаа тодорхойлсон байдаг. Мөн олны төлөөлөгч болох өнчин хөвгүүн "Балай их ууваас өвчин биш үү. ... Учиртай сайхан ууваас жаргал биш үү" гэж ишэлсэн болой. Ингэж архи уух, автахын хор холбогдлыг улс орны эрх ашгийн үүднээс, хувь хүний амьдралын утга учрын үүднээс, хүний ёс суртахууны үүднээс тайлбарлан гаргаж, архинд автвал ёс суртахууны ба гэсгээн цээрлүүлэх арга хэмжээ авч хэвшүүлэх зорилт тавьж байсан нь тухайн үедээ төдийгүй орчин үед ч ихэд анхаарч үзүүштэй бөлгөө. Чингисийн хаант улсын төр архи уухад эерэг ёс заншил баримтлах зан үйл нэвтрүүлэхэд багагүй анхаарч, үүнээ хууль цааздаа тусгаж байжээ. Энэ нь хэрэв архи уухгүй байж чадахгүй бол сард 3 удаа ууж байхыг зөвшөөрч харин түүнээс хэтэрвэл гэмтэн хэмээн үзэх хуулийн заалтад илэрч байв. Ахас, ихэсийн дэргэд архи үл хэрэглэх, архийг найр хурим бэлэг дэмбэрэлийн бэлгэдэл, хүндэтгэлт идээний охь болгон зөв хэрэглэх ёсон Чингисийн хаант улсын үед ч дэлгэрч байсан нь тэр үеийн зохиол бүтээлүүдээс тодорхой харагднам. Чингисийн хаант улсын түүх судлаачдаас тус улсын хууль цаазын талаар бичсэн зүйлүүдэд гэр бүлийн тухай заалт нэлээд элбэг тааралддаг. Ялангуяа энэ үеийн анхдагч сурвалж бичиг болох Монголын нууц товчоо болон Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав. Сайшаал зэрэг эрдэмтдийн бүтээлүүдийг шиншин үзэхэд гэр бүлийн харилцаанд холбогдох олон өвөрмөц баримт байдгийг тэмдэглэсэн болно. Тэдгээрийн гол утга санааг нэгтгэн дүгнэж үзвээс гэрлэх, сүй тавих, уг сүйг таьвсан хөвгүүн эхнэр болох эмэгтэйн гэрт очиж ямар хүн болохоо харуулах сорилт туулах, гэр бүлд эцэг хүн тэргүүлэгч байр суурь эзлэх гэр бүлийн бусад гишүүд тус тусын үүрэг хариуцлагатай байх, үрт хүүхдээ насны дэс дарааллаар өрх иргэн хувааж захируулах, нэг эр олон эхнэртэй байх, охиноо нас гүйцмэгц сүлдэнд үзүүлэх, хүүхэд үрчлэн авах, хаан хатан, охидоо ноёд ихэст эхнэр бологн өгөх зэрэг ёс журмыг тогтоон хэвшүүлэхэд чиглэгдсэн байна. Гэрлэх ёслолыг хурим хэмээн нэрлэж, нарййн ёс журам үйлддэг байсан авч ихэнхдээ зашлын хэм хэмжээг мөрдөнө. Монголын нууц товчооны 1б8-р зүйлд "Багалзуур идэх" тухай өгүүлснийг монголын нэрт эрдэмтэн академич Ц.Дамдинсүрэн "Багалзуур ид" гэх нь эр, эм болох хурим хийх гэсэн үг биз. /11.124-125/ хэмээн тайлбарласан байна. Судалгаанаас үзэхүүл "багалзуур идэх " гэдэг нь хуримлах ёсны нэгэн хэсэг бөгөөд эр, эм бологсдын үйлдвэл зохих зан үйлийн нэг аж. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр, эмийн бат холбоог бэлэгдсэн байж болох талтай. "Багалзуур идэх"-ийн гол агуулга нь эр, эм бологсод гэрлэсэн анхныхаа 3 хоногт хонины хүзүү багалзуур идэж гэрлэлтээ насан үүрдийн бат холбоотой байхыг батлан бэлгэддэгт оршмой. {mospagebreak} Жувейни, Макриз, В.А.Рязановский, Л.Дэндэв, С.Жалан-Аажав нар жил бүрийн эхэнд өөрийн охидыг сүлдэнд үзүүлж, сүлд нь өөрийн биед сонгон авах ба хөвгүүддээ сонгон өгдөг байсан тухай бичсэн байна. Олон эхнэрийн дотроос анхны эхнэр нь ахлах ёсон эдэлнэ. Эхнэр бүр өргөө гэр, мал хөрөнгө, хамгаалагч, үйлчлэгч нартай байсан бөлгөө. Гэр бүлийн гишүүдийн эзлэх байр суурь, эрх, үүрэг, тэдгээрийн хоорондын харилцаа, өмч хөрөнгийн асуудал гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээний нэгэн чухал хэсэг байсан ажээ. Монголын нууц товчоо болон бусад сурвалжаас үзэхэд каншлын шинжтэй хэм хэмжээний зэрэгцээгээр хуулиар бэхжүүлэн тогтоосон хэм хэмжээ бага бус үүрэг гүйцэтгэж байсан нь харагдана. Энэ талаарх хэм хэмжээний агуулгыг нягтлан үзэхэд: нэгэн гэр бөүлийн хүүхдүүдийг ахмад хүүхэд нь ахлах, ахмадаас нь эхлэн доошлох тутам багасгах замаар өрх, иргэд, өмч хөрөнгө хуваарилаж, олгох, хүүхэд нь эцгийнхээ, дүү нь ахнынхаа сургаалыг сонсож дагах, отгон хүү нь эцгийн гал голомтыг хадагалан өвөлх, хойт, урд гэрийн болон татвар эмийн хүүхдэд адаил хувь хөрөнгө ологх, өргөмөл хүүхдэд өмч хөрөнгө хуваах, эцэг, эх, ах, эгч, дүү нар бие биеэ хүндэтгэн тусалж дэмжихэд чиглэгдэж байсан ажгуу. Эдгээртэй холбогдон хоёр сурвалжид бичигдэн үлдсэн зүйлийг иш татан дурдъя. Раиш-Ад-Диний "Чингис хааны түүх"-д " Эрчүүд ав хомрого, дайн тулалдаанд явахад гэргий нь зочин ирвээс цэвэр цэмцгэр дэг журмыг үзүүлэн, тансаг идээ бэлтгэж, зочин гийчнийг хүндэлвээс эр нөхрийн нэрийг уулын оргил адил өндөрт өргөмөй. Сайн эрийг сайн ханиар нь мэдмой. Тэнгэ мулгуй ухаан бодол, ёс заншил муутай эхнэртэй бол нөхөр нь тэнэг болмой " /11.120/ хэмээн бичжээ. Мөн Сайшаал "Чингис хааны товчоон " номондоо "Хөвгүүд нь эцгийн сургаалыг үл авсан, дүү нар нь ахмадын ятгалгыг үл сонссон, эр нь гэргийгээ сэжиглэн, гэргий нь эрээ эсэргүүцсэн, хүүхэд багачууд нь ахас, ихэсийнхээ сургаалыг үл дагасан" явдлыг Чингис хаан муу зүйл хэмээн хориглон зарлиглаж түүнээс сэрэмжлэхийг анхааруулж байсныг өгүүлжээ. Өв залгамжлах тухай заалтууд Чингисийн улсын хууль цаазад байснын Жувейни, Рязановский, Дэндэв нарын бүтээлүүдэд өгүүлсэн нь байдаг. Сайшаал "Ерөнхий хууль цаазад Чингис хааны үндсэн товчоон" -ны "Их түшмэд, ноёд, иргэд буюу ард иргэд үхсэн хойно түүний эд хөрөнгө хэдий байсан ч болтугай хөндлөнгөөс ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч энэ эд хөрөнгөнд халдаж болохгүй. Үхэгсдэд залгамжлах үр хөвгүүн үгүй болбоос эд хөрөнгийг нь түүний шавь буюу зарцад өгч болохоос биш улсын санд оруулж огт болохгүйи хэмээн бичжээ. Монголчуудын гэр бүлийн ёсонд хамгийн отгон хөвгүүнийг "галын эзэн, эцгийн голомтыг залгагч" хэмээн үзэж эцгийн нь амьдарч байсан гэр орныг өгч, эхтэй нь хамт өмч хөрөнгө хуваарилан олгож байсан нь өв хөрөнгө залгамжлалд хамаарах өвөрмөц ёсон мөн болой. МУИС-ийн ХЗДС-аас эрхлэн 1995 онд хэвлүүлсэн Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх бүтээлд "Чингис хааны "Их засаг"-ийн эрүүгийн цааз нь монголын тулгар төрийг бэхжүүлж, түүнийг гэмт халдлагаас хамгаалан зорилготой байсан нь судалгаанаас илт байна" /21.50/ гэсэн дүгнэлт хийжээ. Эл бүтээлд монголын тулгар төр тусгаар тогтнолыг хамгаалах, монгол улс нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, монголчуудын зан заншил, удам угсаа, шашин ёс мөргөлийг бэхжүүлэх, их улсын хуулийг дээдлэхэд эрүүгийн бодлого чиглэж байсныг дурдсан нь анхаарал татна. Чингисийн хаант улсын эрүүгийн бодлогын шинж төрх нь гэмт хэрэг, түүнийг төрөлжүүлэн ангилахад тод илрэх бөлгөө. Гэмт хэргийг ойлгох, түүнийг ангилахад В.Я.Рязановский , Ж.Вернадский нар томоохон алхам хийсэн ажгуу. Ж.Вернадский Их засаг дахь гэмт хэргийг а/ шашин, ёс суртахуун, тогтсон заншлын эсрэг гэмт хэрэг; б/ хаан өолон төрийн эсрэг гэмт хэрэг; в/ хувь хүний амьдрал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг гэсэн гурван төрөлд ангилж тус бүрд ямар гэмт хэрэг хамаарч байсныг дурджээ. Нэгдэх төрөлд шашин шүтэх эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцох, албан ёсны мэдүүлэгт санаатай худал хэлэх, ус голомт бохирдуулах, зохих журмын зөрчин мал нядлах, гэр бүлийн ёс зөрчих хэргийг хамааруулсан болно. Хоёрдахь төрөлд хааны зарлигийг зөрчих, хаан, төрийн түшмэдийг доромжлох, хуулийг үл биелүүлэх, цэргийн сахилгыг зөрчсөн хэргийг оруулж дурджээ. Гурав дахь төрөлд өмчлөх эрхийг зөрчих, бусдын амь насыг бүрэлгэх, адуу, мал хулгайлах мэт хэргүүд орно хэмээн тайлбарлажээ. Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх номонд а/ төр захиргаааны эсрэг гэмт хэрэг; Чингисийн толгойлсон хаант төрд ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байсан нь анхаарал татах зүйл мөн хэмээн санагдана. Баримтуудыг түшихүйд хаан, түүний алтан ургийнхан болон түшмэд, иргэдийн амь бие, нэр төрийн эсрэг үйлдэл, төрийн байгуулага, албан тушаалтны үйл ажиллагааны журам зөрчсөн үйлдэл, цэргийн сахилга, байлдааны үед баримтлах дэг журмыг зөрчсөн үйлдэл, мал хөрөнгө, эд зүйлс хулгайлсан үйлдэл, хөрс бэлчээр, ус мэтийг сүйтгэсэн, бохирдуулсан, ашиггүй худалдаа арилжаа хийж удаа дараа алдагдал хохиролд оруулсан үйлдэл, зарим зан Тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлбоос мөн уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оноох ялын хэлбэр хэмжээг тогтоодог нь засаглал хэрэгжиж буйн нэгэн гол шинж байдаг. Чингисийн хаант улсад ч мөн ийм ёс үйлчлэх явдал зайлшгүй байсан нь эргэлзээгүй. {mospagebreak} Захиргааны журам зөрчсөн үйлдэл гэмт хэргийн нэгэн төрөл мөн бөлгөө. Хаант улсын хууль цаазад холбогдох заалтуудыг ажиглахуйд ийм төрлийн үйлдэл, түүнийг үйлдэгсдэд оногдуулах шийтгэлд " Өөрийн аравныг үл захирах ноёныг алж гэмтэн болгох", "Хөрөнгө мөнгө эрхэлдэг түшмэдүүд тэрхүү албан мөнгө , хөрөнгөнөөс авч хэрэглэвэл алах", "Хэрэг зөвлөх чуулган чуулахаас их ван, сайд, түшмэдүүд саатан хоцорвол мөнгөөр яллах", "Хөдөөний захирагч нараас дур зоргоор ард иргэдээс алба авах, ажилд зарах, албан сан эд агуурсыг түшмэдүүд дураар авч хэрэглэвэл ял хэлэлцэх", "Өөрийн албан тушаалыг бусдад дураар шилжүүлэх аваас гэмтэн болгох", "Хүн өөрийн харъяаны мянгат, зуут, аравтаас дур мэдэн гарч явбаас алах" зэрэг заалтууд орж байсан ажгуу. Хишигтэн цэрэгт мянгат, зуут, аравтаас татах зарлиг журмыг зөрчвөл чангалан шийтгэх, цэрэгт орвол зохих хүн бултарч зайлсхийвэл цөлөх, хишигтэй хүн ээлжээ анхны удаа тасалбал 3 бэрээ, хоёр дахь удаа тасалбал 7 бэрээ, гуравдахь удаа тасалбал 37 бэрээ занчиж цөлөх ялд унагахыг Монголын нууц товчоонд тэмдэглэн бичсэн бөлгөө. Хэдийгээр баримт материалаар ховор боловч гэмт хэргийн төрөлд өмчийн эсрэг гэмт хэргийг өгүүлэхийг хичээмүй. Учир юун хэмээвээс бэлчэр, нутаг, мал хөрөнгө, эд зүйлсийг хамгаалах нь нэг талаар өргөн хүрээтэй бөгөөд нөгөө талаар заншлын хэм хэмжээгээр зохицуулагдсан зүйл ихтэй, нөгөө талаар улсын бодлого хууль цаазар хамгаалагдах шаардлага төрийн түвшинд тавигдаж эхэлсэн нь хаанаас батлан гаргах хууль зарлигт зүй ёсоор тусгалаа олсон байна. Эрдэмтэн Сайшаал " Чингис хааны товчоон" номондоо хулгай хийсэн этгээдийг цаазлан хороож гэргий ба мал хөрөнгийг хураан аван хулгайд мал алдаж хорирогсдод өгнө хэмээн өгүүлжээ. Үүнээс үзэхүл хулгай хийх нь онц жигшүүртэй гэм хэрэг бөгөөд хэрэв хулгай хийвэл өөрийг нь цаазлахаар зогсохгүй гэр оронд халдааж, эд хөрөнгийн нь хураан авах төдийгүй эхнэрийг нь ч мөн хурааж давхар давхар зэмлэл хүлээлгэж байжээ. Мөн хулгай хэргийг том ба жижиг хэрэг хэмээн ангилж түүнийг хэмжээ хохиролд нийцүүлэн ял шийтгэл онбгдуулах бодлого баримталж байсан ажгуу. Том хулгайлагчид үхэх ял оногдуулна. Гэвч нэг хонь хулгайлсан гэх мэт хэрэгт бол газар дээр нь тогтоон ийшдвэрлэж өдий төдий шийдэмдэнэ гэж П.Карпини, В.Рубрук нар " Монголд жуулчилсан тэмдэглэл" номондоо бичсэнээс үзэхэд жижгээр хулгай хийгсдийг шийдэмдэн шийтгэж байсныг харуулна. Хулгай хэргийг ихэд цээрлэж Хэрэв үйлдвээс зөвхөн хулгайлсан юмын нь төлүүлэх төдийгүй хэд дахин өсгөн нэмэгдүүлж торгох, түүнийг эд төлөхүйд хүүхдийг нь авах буюуу өөрийг нь чангалан хатуу шийтгэх, хэрэг үйлдэгчийн амьдралд хохирол үзүүлж жигшүүлэх бодлого явуулж байжээ. Хаант улсын хууль цаазад "Хулгайлагдсан морь, хэн нэгэн хүнээс олдвоос уул эзэнд нь адил зүсмийн есөн морь өг. Хэрэв торгуулийн морьдыг өгөх хөрөнгөгүй бол оронд нь үр хүүхдийг нь ав. Үр хүүхэдгүй бол хонь адил ална" гэсэн заалт байсан хэмээн С.Жалан-Аажав бичсэн байдаг. Бас брол хүн бусдын эд хөрөнгийг хулгайлбал тэрхүү боол ба уг боолын эзнийг алах ялаар шийтгэ гэсэн заалт ч Их засагт байжээ. Өмчийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, хадгалуулсан эд юмыг нь үрэх, олзны зүлйийг дур мэдэн хувааж өгөх, бэлчээр нутагт түймэр тавих, эд хөрөнгийг шатаах, олсон эд зүйлээ нуух хэргийг хамруулж болох авай. Ямар нэг хүн бусдын эд зүйлийг улаан дээрэмдэх буюу булааж авбал уг этгээдийг хайргүй цаазлах, бусдын хадгалуулсан эд зүйлийг гурван удаа үрвэл гэмт хэрэг хэмээн үзэж шийтгэх, олсон эд зүйлээ хувьдаа авахаар нуух, байлдааны явцад олж авсан хувцас, эд зүйл, зэр зэвсэгийг эзэнд нь эргүүлж үл өгөх хэрэг үйлдвэл цаазаар аваачих шийтгэл оногдуулах хуулийн заалт байсныг Сайшаал "Чингис хааны товчоон" номондоо дурдсан байна. "Хар татарын тухай хэргийн товч " хэмээх бүтээлд өвс ногоорсон хойно газрыг нүхлэх, гал алдаж бэлчээрийг шатаах хэрэгт цаазлах ял оногдуулах хуультай байсныг дурдснаас үзэхэд эл хоёр зүйл хэрэг хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байсан нь ийм бөлгөө. Зан заншлын эсрэг гэмт хэрэгт ус, үнс рүү шээх, хоол идэхдээ хахах, цэргийн дарга ба ноён хүний үүдний бостон дээр гишгэх, галд хутга дүрэх, тогоон дотроос хутгаар мах авах, галын хажууд сүхээр түлээ хагалах, газар дээр сүү бусад идээний зүйл асгах, адгуустай явалдах, худал хэлэх, ов мэх гаргах, хоёр хүний хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцох, бог малыг өрцлөхөөс өөрөөр няддах, бусдын үйлдлийг далдуур тагнах, худал гэрчлэх сэлтийг оруулан ёс заншил, заншлын горимыг зөрчиж ёс сутрахууны хэмийг алдсных нь төлөө цаазлах зэрэг ял шийтгэлийг оногдуулж байв. Үүнд: а/ цаазаар аваачих; б/ эрхтэнг нь хагаслах; в/ гяндлах; г/ цөлөх; д/ бэрээдэх; е/ торгох, эд хөрөнгө хураах; ё/ тушаал эвдэх хэмээн долоон төрөлд ангилж болох бөлгөө. Чингисийн хаант улсын хууль цааз судлаачид эрүүгийн ял шийтгэлийн хэлбэрүүдийн талаар янз бүрийн дүгнэлт хийсэн байна. Ж.Вернадскийн бүтээлийг судлахад хүнд эрүүгийн ял шийтгэлийн 6 хэлбэр дурдагджээ. Уг бүтээлд нь "Алах ялыг хуулинд бүхэлд нь гол байр эзлүүлжээ. Бараг бүх төрлийн гэмт хэрэгт алах ял оногдуулахаар заажээ. Дараагийн ял гэвэл хорьж тусгаарлах, цөлөх, цол бууруулах, зодох, торгох ял болно" хэмээн өгүүлжээ. Сайшаал Чингис хааны товчоон хэмээх зохиолынхоо "Чингис хааны үндсэн хууль, товчоон" бүлэгт алах, торгох, хөрөнгө хураах, ташуурдах ялын хэлбэрүүд байсныг дурдсан байна. Эзэн богд Чингисийн "Их засаг" хэмээх 1995 онд номонд судлаач Х.Сэлэнгэ 51 гэмт хэрэгт оногдуулж байсан ялыг судлан үзээд "цаазаар авах, гяндлах, цөлөх, ташуурдах /шийдэмдэх/, торгох, хөрөнгө хураах" гэсэн 6 төрлийн ялын хэлбэр байсан гэж бичжээ. В.А.Рязановский "Их засаг" -ийн эрүүгийн ялын хэлбэрүүд дотор цаазаар авах ял давамгайлж байсныг өгүүлсэн байдаг. "Цаазлах" хэмээх үгийн нөгөө утга санаа нь цаазаар аваачих буюу амийг нь авах гэсэн агуулгыг илэрхийлж байжээ. Монголын нууц товчоонд цаазаар аваачихыг "махиулах" хэмээн томъёолсон бөлгөө. Чингисийн хаант улсад цаазаар аваачихыг эрүүгийн ялын дээд хэлбэр болгон үзэж, төрийнхөө бодлогыг илэрхийлэн анхаарал болгоомжтой хэрэглэж байсныг тэмдэглэх нь зүйтэй буюу. Монголын нууц товчоонд дурдагдсан баримтыг шинжиж үзэхүйд цаазаар аваачихыг гүйцэтгэх гүрван арга байжээ. Нууц товчооны 140-р зүйлд Хутугт Монхорын хөвүүн Бүрибөхийг агдлан барьж цээж бөгснөөс нь угзран татаж нуруугий нь хугалан амийг нь авсан баримт бий. Мөн 245-р зүйлд Мэнлигийн хөвүүн Дэвтэнгэрийн нурууг хугалж амийг нь авсан тухай өгүүлжээ. Нурууг хугалах нь цус үл гарч, хоромхон зуур амь алдах учиртай тул монголчууд аль эртнээс гарцаагүй тохиолдолд хэрэглэж байсан цаазын ховор арга ажгуу. Цаазаар аваачих ялын бусад хэлбэр нь юмаар цохиж амийг нь авах, цавчин амийг нь хороох аргууд бөгөөд сүүлчийнх нь илүү албан ёсны арга байжээ. Их засагт хамаарах заалтуудын эрүүгийн ялын хэлбэрүүдийг ицшшиж үзэхэд хууль бусаар хаан суудалд суух, улсыг төлөөлсөн хуурамч элч, төлөөлөгч болох, улсаас урвах, байлдааны талбараас зугтаах, мөн талбараас нөхдийнхөө унааг хулгайлахад, хүний амь бүрэлгэх, адгуус амьтадтай явалдах, мал хулгайлаад зохих тоо малын төлж чадаагүй, байлдааны олзыг хулгайлах, малын бэлчээрийг шатаах зэрэг хүнд гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар аваачих ял оногдуулж байсан нь нэлээд бодит үндэслэлтэй ажээ
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудАмьтан бүхэн сонирхолтойӨгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй Дуу , клип Хууль дүрэм Сүүлийн бичлэгүүдХУЛАН ЦАМБА ХОЁРСолийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн Монгол орны нуурууд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль Үндсэн хууль Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ ТYЙМЭР ИХЭР ТОЛГОДЫН ДУНД НАРАН ТОГОРУУ САРНЫ СОНАТ МАЛЫН ХӨЛИЙН ТООС Өвгөн шувуу АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ НайзуудТагшаа |